УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Үдийн цайны чанар, ялангуяа зорилтот бүлгийн хүүхдэд зориулж нэг өдрийн цайны өртгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Хамаарах огноо: 2016-12-12 18:48

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Үдийн цайны чанар, ялангуяа зорилтот бүлгийн хүүхдэд зориулж нэг өдрийн цайны өртгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд Өргөдлийн байнгын хорооны гишүүд ажиллалаа. Уг сургуулийн гал тогоо зориулалтын бус, дээр нь халуун хоол үйлдвэрлэх орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангахгүй учир сурагчдад өгдөг үдийн цайны халуун хоол ундыг бэлтгэхэд мэргэжлийн хяналтын байгууллага хязгаарлалт тавьжээ. Тиймээс сурагчдад халуун хоол өгдөггүй болсон байна. Үүнд эцэг эхчүүд гомдол гаргаж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ханджээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Газар дээр нь ирээд харахад энэ гал тогоонд 1600 хүүхдэд хүргэх халуун хоол унд бэлтгэх ямар ч боломжгүй нь харагдаж байна. Гэхдээ ийм байртай гээд сургуулийн захиргаа гараа хумхиад сууж болохгүй. Бүр гал тогоогүй хэрнээ өөр байгууллагатай гэрээ хийж, сурагчдадаа халуун цай, унд өгдөг сургууль байдаг. Тиймээс сургууль бүрийн удирдлага санаачлагатай байж, гол нь хариуцлагаа ухамсарлаж, үр хүүхдийнхээ төлөө сэтгэл гаргах хэрэгтэй” хэмээн ярив. Тэрбээр мөн “Үдийн цай” хөтөлбөрийн чанар, хүртээмжид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Сургуулиуд бие даан тендер зарлаж хүнсний материалаа авах эрхгүй, Нийслэлийн өмчийн харилцааны газрын шалгаруулсан байгууллага, аж ахуйн нэгжтэй харилцдаг учир шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлэх тал байдгийг хэлж, цаашид үдийн цайны чанар, ялангуяа зорилтот бүлгийн хүүхдэд зориулж нэг өдрийн цайны өртгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн байр сууриа илэрхийллээ.


Үүсгэсэн: 2017-04-13 18:48

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..