Өндөр итгэл, найдвар хүлээлгэн УИХ-д сонгосон Чингэлтэйчүүддээ талархлаа илэрхийлье!
1995 оны хавар ОХУ-ын Санкт-Петербург хотын Улсын Их Сургуулийг Олон улсын эдийн засагч, сэтгүүлч мэргэжлээр улаан дипломтой төгссөн залуухан боловсон хүчин Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн өндөр шалгууртай босгыг даван орж байсан билээ. Ингэж миний ажил, амьдралын гараа нийслэл хотын маань хоймор орших Чингэлтэй дүүргээс эхэлсэн бол эдүгээ 20 жилийн дараа их улс төрд зүтгэх анхны гарааг минь мөн л Чингэлтэйчүүд маань сүүгээр мялаалай.
Чингэлтэй дүүргийн иргэдтэйгээ уулзах бүрт Ажилтай, орлоготой байвал бид хэнээс ч юу ч гуйхгүй амьдарна, Төр бодлогоо зөв хэрэгжүүлж ажиллах хэрэгтэйг байнга сануулдаг.
Миний бие та бүгдийнхээ захиасыг биелүүлэхийн төлөө Эдийн засаг, Гэр бүл, Хүүхэд хамгаалал, Ахмад настан гээд олон хууль төслийг боловсронгуй болгох ажлын хэсэгт орон дуу хоолойгоо хүргэн ажиллаж байна. Цаашид ажлын байрыг нэмэгдүүлж ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, сурч боловсрох орчныг бүрдүүлэх, төр засгийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй хүргэх чиглэлээр олон ажил төлөвлөсөнөө биелүүлэн ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшлийн хүрээнд томоохон алхмуудыг хийх болно.
Нийслэлийн хоймор болсон Чингэлтэй дүүрэг маань хөгжин дэвжих болтугай!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
МӨНХӨӨГИЙН ОЮУНЧИМЭГ